Бид ер нь жоохон соёлжихгүй бол болохгүйнээ дээ. Ээж маань саяхан тэтгэвэрт гарсан хөгшин хүн л дээ. Хөгширч л яваа юм хойно биеэ үзүүлж харуулж, шинжлүүлэх хэрэгтэй болох юм байна шүү дээ. Тэгээд өглөө эрт гараад харьяа эмнэлэгтээ очиж. Тэгээд шинжилгээ ямар журмаар хэдийд авдгийг асуугаадахсан чинь нэг цэвэрлэгч, сувилагч, эмч өвчтөн нь мэдэгдэхгүй, эсвэл бүр өвчтэй солиотой ч юмуу гэмээр цэнхэр халаадтай залуухан бүсгүй: "юу яриад байгаа юм бэ, одоо юу гэж шинжилгээ авч байдаг юм, маргааш ирэхгүй юу" гэж. Ээж маань ч: "Харин хүүхээд, би хэзээ яаж, хаана авдагийг нь л асууж байгаа юм шүү дээ" гэхэд нь бүсгүй: "тэгээд маргааш ирэхгүй юу" гэж хэлчихээд яваад өгч. Хажууханд нь зогсож байсан ойролцоо насны хөгшин: "өглөө 8.20-с 9.00 хүртэл бүх шинжилгээ авдаг юм" гэжээ.
Маргааш өглөө 8.20 дөхүүлээд очсон чинь нөгөө эмнэлэгт чинь хямдхан мах ирсэн юмуу гэлтэй хоёр дугаар давхар нь дүүрэн хүнтэй байж гэнэ. Гайхсан ээж маань энэ хүмүүс юунд очерлож байгааг асуутал мөнөөх 8.20-ийн шинжилгээнд юм гэнээ. Хүн цаг хоёрыг нь тооцоолоод 9 цаг хүртэл битхийхэл өнөөдөртөө бүтэхээргүй болохоор нь яваад өгч.
Тэгээд маргааш нь өглөө 7 цагт гараад очтол яасан гээч! Өчигдөр байсан хүмүүс байж л байна гэнэ. Гайхаад асуутал зарим нь 5 цаг гэж ирсэн гэнэ. Ээж шантраад больчихож. Тэгээд 3-р эмнэлэгт үнэгүй шинжилгээ авдаг гэж дуулаад очиж асууж л дээ. Тэгсэн өдөр болгон, цаг харгалзахгүй шинжилгээ авдаг шахуу юм ярьж. Баярлаад даатгалаа гаргаад ирсэн чинь комьпюторын ард сууж байсан охин: "өө та даатгалаар бол 14 хоног хүлээдэг юм" гэж. "За хүлээеээ хүүхээд". "14 хоногийн дараа 11 цагт Ц............... гэдэг эмч дээр шүү. Хожигдож болохгүй!!" гээд л баахан сүржин юм ярьж.
14 хоногийн дараа 11 цагаас арай эрт очоод комьпюторын ард суух охинд шинжилгээ өгөх гэж байгаагаа хэлтэл нэг бичиг өгчээ. тэгээд хэлэхдээ "Эмчдээ аваачиж өгөөрэй, тэгэхгүй бол нэрийг чинь дуудахгүй шүү" гэж. Гайхаж сандраад эмчийн өрөөрүү шогштол баахан 14 хоног хүлээсэн 11 цагийн хүмүүс яг адилхан бичиг барьчихсан бие биен дээрээсээ давхралдах шахсан хүмүүс зогсож байх юм гэнэ. Ээж маань тэр дундаас нэг танил хүүг дуудаад эгчийнхийгаа оруулаад өгчих, энэ дундуур шахалдаж барахгүйнээ гэж. Залуу зүтгэсээр оруулаад эмчид өгчээ. Бараг л хамгийн түрүүнд оруулаад өгчихсөнд ээж баярлангуй сууж байтал нэрийг нь дууддаггүйээ. Хүлээгээд л байж. Тэгсэн 2 цаг хүлээж байж учрыг нь олжээ. Сайх эмч маань оруулж өгсөн хуудсыг нь дээр дээрээс нь давхарлаад байсан болохоор манай ээж, танил залуу хүү 2-ийн хуудас тээр доор нь үлдсэн байж.
Шинжилгээ өгөх гэж байсан болохоор өглөө юм идээгүй гарчихсан. Тэгээд өдөр 1 хүртэл хүлээгээд, эмч нар маань цайндаа орчихоод 2 цагт ирээд ээжийг маань үзээд арай хийж нэг явуулжээ. Нөгөө танил хүү нэг зүгт байсан болохоор машинаараа ээжийг маань дөхүүлж өгчээ. Гэрээс нь нэг буудлын наана буулгаад залуу өөр тийш зам салав. Ээж нэг буудал алхахаас төвөгшөөсөн юмуу, ядарсан юмуу автобусанд суугаадхаж. Тэгсэн гэрийнх нь буудал дээр зогссонгүй. Өнгөрөөд тууж өгсөнд ээж сандран: "Хүү минь бууя"
жолооч: "Дараагийн буудал дээр буучих"
Ээж: "Яагаад?"
жолооч: "би цагаа нөхөж байна"
Ээж: "Зөөз"
Гэртээ ирээд ээж минь гомдонгүйхэн "Би хаана төрөө вэ" гэж санаа алджээ. Монгол хүн болж төрсөндөө бахархдаг. Монгол нутагт амьдарч байгаадаа азтай гэж боддог. Гэхдээ Монголын нийгэмд бухимдаж, золиослогдож байгаадаа л гомдсон байх.